"Би прокурорт дээгүүр танилтай. Тиймээс шоронгоос амархан суллуулж чадна" гэж бусдыг залиласан нэгэн иргэнд холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, иргэн П гэгч нь өөрийн найздаа “Би УЕП-ын газарт таньдаг хүнтэй. Дүүг чинь хорих ангиас гаргаж өгнө. Ганц хүн сугалах юу ч биш. Мөнгөө л бэлдчих. Тэгсэн байхад асуудалгүй” гэх зэргээр хэлсэн байна. Хэргийн хохирогч дүүгээ хурдхан суллуулахын тулд түүнд 2019 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт таван сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Тиймээс прокурорын нэр барьж залилан хийсэн уг хэргийг цагдаагийн газраас “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан байна.
Ташрамд дурдахад, хнохирогч М-ийн тухайд түүний төрсөн дүү нь 2019 оны тавдугаар сард хулгайн гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдсон байжээ.