Энэ сарын 3-нд буюу өчигдөр орой Эмээлт дэхь хятад эзэнтэй нэгэн үйлдвэр дотор хар тамхины төрлийн ургамал тариалж болзошгүй байна гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн билээ. Тодруулбал, иргэд болоод сэтгүүлчдэд өгсөн эх сурвалжийн мэдээллээр агуулахын үүдний хэсэгт ногоон модлог ургамал тариалсан, үүнийгээ юмаар нууж халхалсан гэж хэлсэн гэдгийг онцолсон байдаг.
Энэ дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар очиж нэгжлэг хийсэн юм.
Гэвч ямар нэг зүйл олсонгүй гэж иргэдэд мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулсан юм.
Ингэхэд "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очсон.
Манай Хар тамхитай тэмцэх хэлтсийн хувьд хяналт тавих байдлаар оролцсон. Хэргийн газрыг үнэрч нохойгоор мөн үнэртүүлсэн. Ингэхэд ямар нэг зүйл илрээгүй.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р бие бүрэлдэхүүний хувьд хар тамхины төрлийн хэргээр мэргэшсэн.
Энэ утгаараа мэргэшсэн байдал дутсан байх вий гэж санаа зовох хэрэггүй. Түүнчлэн хар тамхины төрлийн ургамлыг тод гэрэлтэй өндөрлөг газарт тариалах учиртай байдаг. Гэтэл хэргийн гэх газар нь гэрэл муутай газар байна лээ.
Монгол Улсын хувьд энэ төрлийн ургамал тариалж байсан нэг удаагийн хэрэг гарч байсан.
Хэргийг таслан зогсоосон. Үүнээс хойш дахин хар тамхины төрлийн ургамал тариалсан гэх хэрэг гарч байгаагүй. Харин хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг хэргийн тухайд сүүлийн жилүүдэд харьцангуй буурч байгаа гэлээ.