УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өнөөдөр /2022.05.31/ өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам "23 жилийн дараа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа. Өнөөдөр жилд 3391 орчим гэр бүл салж байна. Сүүлийн жилүүдэд жил бүр салалт нэг хувиар нэмэгдэж байгаа.
Хүүхэдтэй холбоотой хамгийн том асуудал нь хүүхдийн тэтгэмжийн хэмжээг, төлөлтийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 11 нас хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог. 11-ээс дээш насанд хүртэл нь суралцаж байгаа бол амьдралын түвшний баталгаажих доод түвшнээр тогтоодог. 11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж олгогддог гэсэн үг. Иймд тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулахаар хуулийн төсөлд тусгаж байна. Ингэхдээ орлогынх нь 50-иас доошгүй хувиар тогтоох саналыг хуулийн төсөлд тусгаад байгаа.
Хоёрдугаарт, тэтгэмж төлөлт маш байгаа. Нийт тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн 20 хувь нь төлдөг. 80 хувь нь огт төлдөггүй. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тиймээс тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авдаг заалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байгаа юм" гэв.