Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүдэд хилийн хориг тогтоох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн. Шүүх уг хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ. Мөн нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Хэргийн оролцогч гэхээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар нэг хэрэгт буруутгагдаж буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Юутай ч нэг танхимд чуулганы хуралдаандаа суудаг гишүүдийг хоорондоо уулзахыг хориглосон шийдвэр нь хэрхэн хэрэгжих нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байгаа бөгөөд маргааш эх орондоо ирнэ. Түүнийг ирсний дараа хилийн хориг тогтоох эсэх асуудлыг хэлэлцэх юм.