“Улаанбаатар марафон-2022” гүйлт өчигдөр/2022.05.28/ амжилттай зохион байгуулагдсан. Олон улсын марафон гүйлтэд оролцогчдын сэтгэгдлийг сонсох үеэр марафоны бяцхан оролцогч Д.Амин-Эрдэнийн зураг олон нийтийн анхаарлыг татсан. Тэрбээр тэмцээнд оролцсон сэтгэгдлээ хуваалцахдаа "Би зургаан настай. 211 дүгээр цэцэрлэгт сурдаг. Гүйлтэд анх удаа орж үзэж байна. Гоё байна" гэв.
Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа:
-“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн 42.195 км-ийн зайд түрүүлж, тэргүүн байр эзэллээ. Энэхүү олон улсын хэмжээний марафонд би зургаа дахь удаагаа түрүүлж байна. Гүйлтийн спорт жил ирэх тусам хөгжиж, марафонд оролцогчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт ч сайжирсаар байгааг онцолъё. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хүйтэн, бороотой, салхитай тамирчин хүний шандас, тэсвэр хатуужлыг шалгасан уур амьсгалтай байлаа. Гэвч зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Хөнгөн атлетик, гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүмүүстээ хандаж хэлэхэд шууд гүйлтээр хичээллэж, амжилт гаргана гэх биш алхалтаас эхлээрэй. Идэвхтэй алхалтаас гүйлтэд шилжихэд илүү хялбар байх болов уу. Спорт танд илүү сайхныг мэдрүүлнэ.