Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ингэхдээ шүүх танхимд багталцахгүйн улмаас гишүүдийн асуудлыг нэг нэгээр нь хэлэлцэж байна.
Дөнгөж сая Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Түүнийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгаж байгаа юм.