УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сайн сайхан бололтой л юм яриад байх юм. Төсвөө алдагдалгүй баталж болдоггүй юм уу. Заавал алдагдалтай байх ёстой юм уу. Нээх ажлаа сайн хийчихсэн юм шиг байх юм. Ард түмний төлөөллийг загнадаг юу вэ та нар. Ард түмнийхээ амьдралыг гараад хар л даа. Маш хүнд байна шүү дээ. Юу ч хийхгүй байна. Азид хамгийн муу эдийн засагтай нь манай улс байна. Өмнө нь зарцуулсан мөнгөнийхөө тайланг огт тавихгүй. Тэр тайлангаа тавь л даа. Төсвийн тодотгол ахиад хэдэн удаа орж ирэх юм бэ. Хэзээ засаж янзлах юм бэ. Чадахгүй бол УИХ-ын сонгуулиа дахиад явуул. Хөгжлийн банкыг яаж идэж уулаа. Удахгүй ард түмэн дахиад талбай дээр гараад ирнэ" гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн алдагдлын хувьд хуулийнхаа хүрээнд байгаа. Жил бүр бид УИХ-д төсвөө тайлагнадаг. Батлуулдаг. Төсөв батлахад алдагдал баталдаг. Ялангуяа бид гадаад өрийн хувьд дунд хугацааны стратегийн хүрээнд маш сайн ажиллаж байгаа. Та улстөржүүлж яриад байна. Хэрвээ улстөржүүлэх гэж байгаа бол энэ их өрүүд хэний Засгийн газрын үед, хэний нам эрх барьж байхад тавигдсан билээ. Энэ өрийг бид төлж байна" гэлээ.