АН-ын Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат маргааш Монголын бөхийн өргөөнд болох гэж буй бөхийн барилдааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Маргааш буюу энэ сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж байсан өдөр. Энэ өдөрт зориулж бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн. Бид уламжлал ёсоороо барилдаан болон баярын хурлаа хийхээр МҮБХ, Корпрейт-д захиалгаа дөрвөн сарын өмнө өгсөн. Гэтэл МҮБХ-ноос бидний зохион байгуулахаар өгсөн хүсэлтийг цуцалж, нөгөө тал буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтээр өндөр хэмжээний бооцоотой барилдаан зохион байгуулахаар болсон байна. Тиймээс МҮБХ АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд өндөр үнээр зарахаа зогсоогооч гэж хүсмээр байна. Тэнд маш өндөр дүнтэй мөнгө яригдаж байна лээ. Энэ бол улстөрийн маш эгзэгтэй үе шүү. Хэрвээ энэ үйлдлээ зогсоохгүй бол МҮБХ болон Корпрейтийг хуулийн байгууллагаар шалгуулах болно. МҮБХ битгий улстөржөөд бай. Нэг байгууллагын хөндлөнгийн асуудалд битгий оролц" хэмээлээ.
Улмаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ "Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар АН-ын нэрээр мөнгө угаах хууль бус үйлдэлд явуулж байгааг АН эсэргүүцэж байна" хэмээжээ.