Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга дөнгөж сая Яармагт байрлах 60 дугаар сургуульд очиж саналаа өглөө. Намын даргын сунгаанд оролцож байсан Ж.Батсуурь өчигдөр нэрээ татсан ч санал хураалтын үйл явц өнөөдөр өрнөж буй юм. Тэгвэл намын даргын сунгаа болон С.Эрдэнийн талаас УДШ-т гаргасан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн асуудлаар нэр дэвшигч Х.Баттулга дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Одоо бидэнд ухрах зүйл байхгүй. Ардчилсан намын бүх гишүүддээ уриалахад өнөөдрийн энэ сонгуульд идэвхтэй оролцож, өнөөдөр болоод байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж ирээдүйн ялалтад оролцоорой гэж хэлье. Улсын дээд шүүх бол зүгээр бүртгэх үүрэгтэй. Тэр намыг бүртгэнэ. Тэр намд үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол улс төрийн башир арга. Монголчууд бид бие биенээ хэмлэлдэж одоо боллоо. Цаашдаа бид хэмлэлдээд яах вэ. Амьдралаа бодъё, ахуйгаа бодъё. Бидний дайсан бол ядуурал, ажилгүйдэл юм шүү гэж хэлмээр байна. Бүртгэлийн үйл явц дээрээ битгий улстөржөөрэй. Ж.Батсуурь гишүүн нэрээ татсан нь хувь хүний л асуудал. Гэхдээ бид тухайн байгууллагынхаа дүрэм журмыг мэдэж сунгаанд орсон. Энэ дүрэм журмаа мөрдөх л эрхтэй" гэлээ.