Нийслэлийн Замын хөгжлийн газраас өмнө жил эхлүүлсэн дугуйн замыг үргэлжлүүлэн 49.66 км дугуйн замыг барьж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай болох юм.
Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т 3 метр өргөн унадаг дугуй, явган хүний замын хучилтыг хийж байна. Энэ багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 м, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 м, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 м асфальт бетон хучилтыг хийж байна.
Багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршилууд:
- Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
- МУБИС-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 м
- Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 м
- Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 м
- Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 м
- Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 м байхаар төлөвлөжээ.