Цар тахлын хуулийг зургаан сараар сунгасан. Энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Мөн долдугаар сарын 1-нээс хойш хойшлуулах боломжтой эсэх талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Эхний хоёр сарын байдлаар нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад олгохоор тооцоолоод байна. Зээл олголт хэвийн явагдаж байна. Цар тахлын хуулийг сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ" гэлээ.