Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын дээд шүүх МАН-ын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлтийг бүртгэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 37 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Тодруулбал, Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байлаа. Мөн тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгдсэн. Иймд нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй 25 хүнийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрэхгүй байжээ.

2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.

3. Иргэн Б.Жагарын гаргасан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянаад тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)” гэж заасан шаардлага хангаагүй гэж үзжээ.

4. Монголын төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан байна.

5. Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын өнгөрсөн оны 12-р сарын 6, 7-ны Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ.

6. Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас өнгөрсөн оны 12-р сарын 14-нд Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

“Б.Ундармаагийн хамаарал бүхий Гантиг Вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа“
“Б.Ундармаагийн хамаарал бүхий Гантиг Вилла хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.