Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цуцлагдсан. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсанаар тус барилдаан цуцлагдсан юм.
Тэгвэл хүүг нь барилдуулахаас татгалзсан асуудалд Даян аварга Н.Батсуурийн аав, Улсын харцага Г.Намсрайжав "Та бүхнээс уучлал гуйж байна. Миний хүү Үндсэн хуулийн барилдааны өдөр интернэтээр бүртгүүлсэн ч МҮБХ бүртгэж аваагүй. Тиймээс биеэрээ очоорой гээд захиж, миний хүү очсон боловч бас барилдуулаагүй. Улсын харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд бас барилдуулсангүй. Албан ёсоор бүртгэж, албан ёсны бичиг өгсөн байж, барилдуулсангүй. Хүний эрхийг зөрчиж байна. Миний хүү залуу хүн. Барилдахыг хүсч байгаа. Миний хүүгийн эрхийг зөрчиж байгаа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, тэдний төлөө ажиллаж байгаа хүмүүс миний хүүг үл тоож байгаад эцгийн хувьд гомдолтой байна. Та бүхэн ч гэсэн миний оронд өөрсдийгөө тавьбал уйлмаар санагдана. Яахаараа миний хүү аварга цолтой байхад ингэж доромжилж байна. Монголын ард түмэн бүгд тийм биш. Болохгүй шүү дээ. Ид залуу насандаа барилдахгүй бол хэзээ барилдах юм бэ. Энэ яах вэ. Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа" хэмээлээ.