Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй манай тамирчин Д.Батгэрэл 2021 оны аравдугаар сарын 17-нд Америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан.
Тэгвэл "Талын шуурга" хочит Д.Батгэрэлийн ээлжит тулаан ирэх гуравдугаар сарын 26-ны өдөр болох юм. Түүний эсрэг Америк тулаанч Монтел Жексон таараад буй.
Тэгвэл Монтел Жексон гэж ХЭН БЭ?
Монтел Жексоны харьяалагддаг “Iridium Sports Agency”-ээс өчигдөр “Манай тамирчин Монтел Жексон UFC-ийн гурав дараалсан ялалтын төлөө Д.Батгэрэлтэй гуравдугаар сарын 26-ны өдөр тулалдана” хэмээн мэдэгдсэн байна.
Монтел Жексоны ахлах сургуулийн амьдрал тийм ч таатай байгаагүй бөгөөд ихэнх найзууд шоронд орж байжээ. Тэрбээр үл бүтэх амьдралаасаа салахын тулд анх Жиу-жицүгээр хичээллэж, олимпын тамирчин болох том зорилгыг тавьсан байна. Харамсалтай нь, мөрөөдөл нь биелээгүйгээс холимог тулааны спортод эргэж буцалтгүйгээр орж байсан түүхтэй аж.
Тэрбээр UFC-д долоон тулаан хийснээс тав ялсан үзүүлэлттэй яваа. Мөн Жексон UFC-ийн жингийн түүхэн дэх хамгийн олон удаа нокаунт хийсэн амжилтыг тогтоосон билээ. Тодруулбал, таван ялалтын дөрөв нь нокаунтаар ялж байсан аж. Хоёр тамирчны тулааныг ширүүхэн тулаан болно хэмээн холимог тулаан сонирхогчид, спортын хүрээнийхэн ярилцаж байна.