Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран 2020 оны ядуурлын тооцоог хийлээ. Тус тооцооллыг хоёр жил тутамд нэг удаа хийдэг уламжлалтай. Тооцооллын дүнгээс харахад 2020 оны байдлаар улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 хувьд хүрч өмнөх 2018 оны үзүүлэлтээс 0.6 нэгж хувиар буурсан байна.
Ядуурлын түвшинг суурьшлаар нь авч үзвэл нийт ядуурлын 43.5 хувь нь нийслэлд, 20.4 хувь нь аймгийн төвд, 36.1 хувь нь сумын төв, хөдөөд гэсэн тооцоолол гарчээ.
Мөн тооцооллоор монгол улсын нийт хүн ам болох 3.3 сая хүний 903.4 мянга нь ядуу амьдарч байгаа болохыг тогтоожээ. Уг тооцооллыг гаргахдаа нэг хүнд ногдох сарын хэрэглээ болох 184.747 төгрөгөөс доош хэрэглээтэй хүн амыг ядуу хэрэглээтэй хүн амд тооцжээ.