Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж байна. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглож буй.
Нэгийн даваанд улсын цолтой хэд хэдэн бөхчүүд өвдөг шороодлоо. Тухайлбал, Улсын харцага А.Цацабшир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Х.Гантулга, улсын начин Ш.Шинэбаяр, улсын начин Ж.Чулуунбат, улсын начин Л.Батзориг, улсын начин Ц.Чимэддорж, улсын начин Б.Хишигбаатар зэрэг улсын цолтой бөхчүүд өвдөг шороодов.
Сонирхуулахад, улсын арслан Ц.Содномдорж өнөөдрийн Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглож, нэгийн даваанд аймгийн заан Г.Дармаажанцанг давсан. Гэвч Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны хоёрын даваанд тэрбээр аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус өвдөг шороодлоо.