Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байна. 110 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр/2021.12.29/ Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "100 жилийн өмнө өвөг, дээдсийн минь зорьж байсан Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны үндсэн үзэл баримтлал 70 жилийн дараа 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд дахин тусгалаа олж өдгөө бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нйигмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэж байна.
Өнгөрсөн зуунд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулахын төлөө тэмцэж, амжилтад хүрсэн бол шинэ зуунд Монгол Улсаа хөгжүүлж, эдийн засгийн хувьд бие даан тусгаар тогтносон, цэцэглэн мандсан улс болох ёстой. Бид энэхүү зорилтыг хэрэгжүүлж байж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайрлалгүй тэмцсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалын өмнө нүүр бардам зогсох болно.
Үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүр ажиллаж хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө. Ажилтай иргэн байхын тулд боловсрол, мэдлэг эзэмших ёстой. Энэ зорилгоо Боловсролын шинэчлэлийн хуулиар батлахаар зорьж байна.
Эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх нь Монгол орноо сэргээн мандах, хөгжин дэвшихэд түлхүүр хүчин зүйл болно гэдэгт бид итгэлтэй байна" гэлээ.