УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бид тал талаасаа нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, ажлын хэсэг зэргээр талцах юм бол бид дуусна. Бид яах гэж хоёр, гурав хоногийн турш хаалттай хэлэлцсэн юм бэ. 2.3 тэрбумыг тэглэж байх шиг байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт заавал оруулж байж энэ тэглэгдэхгүй юу. Хоёрдугаарт Дубайн гэрээ ямар ч байсан хүчингүй болж байгаа юм байна. Энэ гэрээ хүчингүй болсноор манай Засгийн газрын үед бий болсон анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1.8 тэрбум ам.долларыг буцааж төлөх нь сэргэх үү. Бусад татварын актууд тэдний талд төлөгдөхөөр байна уу.
Бид нэг тал. Би баргийн асуудлаар Засгийн газартай нэг тал болохгүй байгаа. Харин Оюу толгойн асуудалд нэг тал болж байгаа. Зөв шийдлийг л олмоор байна" гэлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Өр тэглэгдэх асуудал Туркойз Хилл компанийн баланс дээр тэглэгдэнэ. Рио тинто болон Туркойз Хилл компанийн ТУЗ-өөр энэ асуудлыг хэлэлцэж батлах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт заавал оруулах шаардлагагүй. Хэлэлцээр батлагдсанаар бүх зүйл дуусахгүй. Үргэлжлүүлэн дараагийн асуудлуудаа ярилцана. Тэр тусмаа татвартай холбоотой маргаанууд бий" гэв.