Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцсэн байна.
Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Отгонбаатар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд буй “Гоожингийн өндөр”-ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтаах саналыг гаргав. Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга нийслэлийн хамгаалалтад буй бөгөөд өмчлөгчийн асуудал нь холбогдох газраар хянагдаж байгаа аж. Улмаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай тогтоолын төслийг Төлөөлөгчид дэмжлээ.