Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа. Хатагтай Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн бөгөөд Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, ярилцсан юм.
Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.
Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.