Соёлын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн удирдлагууд, соёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцохын зэрэгцээ аймгийн нийтийн номын сан, музей, соёлын төвүүд, соёлын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Ажлын хэсэг аймгуудын музей болон зарим сүм, хийдийн үйл ажиллагаатай танилцаж, аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах, албан хаагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, сүм, хийд, хувь хүний өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж өмчлөлийг баталгаажуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөв.
Түүнчлэн Соёлын дэд сайд аймгуудад баригдаж буй соёлын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцаж, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатайг онцлов. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 75 хувь, Өвөрхангай аймгийн музейн барилга 45 хувь, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын соёлын төвийн барилга 75 хувь, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 80 хувьтай байна.