Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэрхийн БЭРС...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 52 секунд

Тэр Бэрхийнх, бас Бэрсийнх. Сум гэхэд арай жижиг, баг гэхэд арай том Бэрхийнхэн 30 жилийн өмнө өнөөдрийн талаар зүүдлээгүй ч үгүй. Гэвч үйл хэрэг бодит болж жирийн нэг ХҮҮ Монголын улс төрд утгаараа БЭРС боллоо. Одоо тэр улс төрд бэрс хэвээрээ үлдэх үү, хүү болоод замналаа дуусгах уу гэдгээ өөрөө шийднэ. Улс төрд 40 нас гэдэг бол залууд тооцогдоно. Харин Ерөнхий сайд, Ардын намын даргад бол бүр залуу. Бараг хүүхдээрээ шахуу нас.

Бүгд эхэндээ хүү байдаг. Шатарт ч, улс төрд ч, хүний амьдралд ч. Гэхдээ өмнөх өрөг дээрээ хэн зөв “тоглосон” нь ирээдүйд бэрс гардаг жамтай. Л.Оюун-Эрдэнэ яг энэ дүрмээр улс төрийн тоглолтоо гаргууд хийлээ. Шинэ гишүүн байхдаа л Ардын намынхаа аймаар том “мангаатай” аралцаж, намаа байтугай төрөө эргүүлж явсан түүх түүн дээр бичигддэг.

Тэр ямар зам туулж энд ирэв

Ерөнхийлөгчид өрсөлдөх У.Хүрэлсүхийн халааг авах “арсалдаан” 2020 оны сонгуулийн маргааш л шууд өрнөж билээ. Аргаа барсан 70-аад оны төлөөллүүд байгаа ганц том даргаа зүтгүүлгэх гэсэн ч, мань Г.Занданшатар нь төдийлөн гавьсангүй. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй тул 70-аад оны ах нарынхаа хажуугаар 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ оочер дайран улс төрд “даам” гарч буй нь энэ. Ерөнхий сайдын хувиар улс төр, нийгмийн амьдралын байж болох хамгийн муу хувилбартай тэр нүүр тулсан. Энэ дундаа алдаж, бас оносон. 100 гаруйхан хоногийн өмнө тэр өөрийгөө намдаа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй шийрэгнэж суусан бол өнөөдөр алга ташуулж байна.

Л.Оюун-Эрдэнийн улс төрийн өнөөдөр ба маргааш

Ардын нам дотор даргынхаа өөдөөс “А” гэж дуугарах ганц ч хүн байхгүй. Одоо тэр өөрийн гэсэн бага оврын Ардын намаа тун удахгүй байгуулж, Бага хурал гэж нэрийднэ. Эндээс томилох, хөөх, дэвшүүлэх, зайлуулах гээд бүхий л шийдийг гаргуулах учиртай. Магадгүй түүнд унагах ганц зам нь 2024 оны сонгууль байх. Гэвч Ардчилсан нам нь төрд байтугай, гудамжинд байх эсэх нь эргэлзээтэй болсон тул энэ чиглэлд найдах нь юу л бол.

Ардын намд одоо Д.Сумъяабазарын нийслэлийн фракц тун ч их повертай байгаа. Эрх зүйн байдлын хуулийг нь УИХ-аар батлуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь Засгийн газар 420 тэрбумаар нь шийдээд өгчихсөн тул энэ хоёр хүний харилцаа энгийн зүйл дээр нурахгүй. Генсек шиг ухаалаг тархи аймаар эрх мэдэл атгасан Л.Оюун-Эрдэнэтэй тонгоролцож биш, тохиролцож явна. Баянзүрхээс улс төрийн гараагаа эхлүүлж байсан хоёрт энэ зэргийн ойлголцлын орон зай бий. Мөн Ерөнхийлөгчид заларсан нутгийн ах нь асаалттай танкаа унаад арыг нь дааж байгаа цагт улс төрийн “гал” байтугай улаан галыг ч даваад гарах биз. Ингээд УИХ-ын гишүүдээ танхимдаа оруулчихвал засгаар тоглох үлгэр дахиж саарал ордонд лав яригдахгүй. Дээр нь АТГ, цагдаа, тагнуул гээд улс төрийн хамаг ашигтай “объект”-ууд гүйцэтгэх засаглалын тэргүүний гарт байгааг мартаж болохгүй байх.

Тэр бүр “Миеэ”-гийн фракцтай Д.Сумъяабазараар дамжуулаад хэл амаа ололцсон. Үгэнд орохгүй заримыг нь аавынд суулгаад номхруулчихсан. За даа, ингээд бодоход ойрын хэдэн жилдээ Ардын намд эсэргүү “талибан”-чуудын бүлэглэл бараг л төрөхөөргүй амар жимир болж байх шив.

Эрх мэдлээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнэ одоо юу хийх вэ

Түүнд төлөвлөсөн зүйлс олон бий. Нэн түрүүнд цэцийн тусламжаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлнэ. Үүнийхээ араас агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын удирдлагын багийг өөрчилж улс төрийн шинэ хуваарилалтыг өөрийн гараар гүйцэтгэнэ.

Хамгийн чухал нь Ардын нам байтугай энэ улсын зуун жилийн түүхийг эхлүүлж байсан П.Гэндэн, А.Амар тэргүүтний “Шинэ эргэлтийн бодлогыг” өнөөдрийн хөрсөнд буулгаж “Шинэ сэргэлтийн бодлого” гэгчийг дэвшүүллээ. Зургаан үндсэн чиглэлтэй энэ бодлогын гол зорилт нь эдийн засгийн тусгаар тогтнол. Аж үйлдвэр, боомтын сэргэлт, хот хөдөөгийн асуудал, төрийн бүтээмж, ногоон хөгжил зэргээ сэргээж чадвал эдийн засгийн тусгаар тогтнол яалтчгүй нэг шат ахина.

Мөн үүнтэй уялдсан аж үйлдвэрүүд, эрчим хүч, усан цахилгаан станц тэргүүтэй стратегийн том төслүүдийг хөдөлгөнө гэдгээ зарлав. Яг энэ дээр нь урд хойд хөршөөс мөн ч их дарамт ирнэ дээ. Хил мэлээ хаалгах бол энүүхэнд шүү.

Тэр түүхэнд үлдэхийг хүсч байна

Дэвшүүлсэн бодлогоос нь харахад тэр түүхэнд үлдэхийг хүсч байна. Хийж чадвал МАН-ын дараагийн 100 жилд залуус Л.Оюун-Эрдэнээс үлгэр авна. Чадахгүй бол дараагийн зуу, зуун жилийн турш буруушаагдана. Урваж шарвах, биенээ хөнөөх, хуйвалдах зэрэг бүхий л муу үйлдэл өдөр тутмынх нь норм болсон Монголын улс төрд тэсч үлдэхэд тун бэрх. Бидний мэдэх Дүлзэн тэргүүтэй урвагчид бол манай улстөрчдийн хажууд жижиг гарын халтуурчид. Тиймээс алив бүхэнд нухацтай хандаж алсын хараагаараа сайжруулж, улс орноо болон эдийн засгаа шинээр сэргээж чадвал Л.Оюун-Эрдэнэ биш Монгол хожно. Үнэнийг хэлэхэд улс төрд ийм хэмжээний ачаа үүрч байснаас мөрөөрөө мангартаад явж байсан нь хамаагүй дээр. Гэхдээ нэгэнт эхэлсэн юм чинь өөрийнхөө түүхийг бүтээ. Бид дүгнэе.

Г.Лхагвадорж

Их, дээд сургуулиуд энэ сарын 10-наас амарна
Их, дээд сургуулиуд энэ сарын 10-наас амарна
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.