ХУД-ийн Орчлон сургуулийн урд явган хүний гарцаар буцаж эргэж буй машинуудын бичлэг цахим орчимд цацагдаад байсан. Уг зөрчлийг гаргасан жолооч нарт хариуцлага тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, явган хүний гарц дээр явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 "Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан байна.
Иймд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас уриаллаа.