Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 58 секунд

Э.Батшугар өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, чуулганы анхны хуралдаандаа суулаа. Хуралдаанаас гарч ирсэнийх нь дараа түүний байр суурийг нь сонсов.

-УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө. Гишүүний дүрэм, журам, тангарагтайгаа танилцсан уу?

-Юуны өмнө СХД-ийнхэндээ баярлалаа. Та бүхний итгэл надад маш том үүрэг хариуцлага шүү. Тиймээс үүрэг хариуцлагаа ажлын үр дүнгээр харуулах болно. Мөн би энэ парламентын хамгийн залуу гишүүн болж байгаа. Залуучуудынхаа дуу хоолой болж ажиллах болно.

-Тойргийнхоо ямар асуудал илүү анхаарах вэ?

-СХД бол гэр хороолол ихтэй дүүрэг. Тулгамдсан асуудал их. Тэгэхээр би бусад гишүүдтэйгээ хамтраад энэ асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах болно. Зам, сургууль цэцэрлэг, дэд бүтэц гэх мэт олон асуудал бий. Үүнийг шийдэхийн төлөө ажиллана.

-Ирц маш хангалтгүй байлаа. Танд итгэл хүлээлгээгүй иргэдийнхээ итгэлийг хэрхэн олон юм бэ?

-Манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо. Намрын энэ үеэр ургац хураалт гэхчлэн иргэд орон нутаг руу ажлаар их явсан байдаг юм билээ. Би ажлын үр дүнгээрээ, тойргоо хөгжүүлж ажиллах болно. Дүүрэг, хороо, улсаа хөгжүүлэхийн тулд чаддаг бүхнээ хийх болно.

-МАН таныг Оюутолгойн асуудалд төвлөрүүлэн ажиллуулахаар гишүүнээс сонгосон гэх мэдээлэл байна. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Би өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байсан. Оюутолгой болон хөрөнгө оруулагч, гадны томоохон уул уурхайн компаниудтай ажиллаж байсан туршлагатай. Ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ шаардлага гарвал Оюутолгойн асуудалд чадлаараа хичээж ажиллана.

-Ямар хуулийн төслүүдэд түлхүү оролцоно гэж бодож байгаа вэ?

-Намрын чуулганаар төсвийн хууль орж байгаа. Үүнд түлхүү оролцоно гэж бодож байна. Мөн хороо дүүрэгтээ төсөв тавиулах гэж хичээх болно.

-Өнөөдрийн хуралдаанаар хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцлээ.Зарим хүмүүс эдийн засаг хэцүү байхад төрийнб бүтцийг улам данхайлгаж байна гэж шүүмжлэх ч асуудал байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Материалтай нь танилцаж амжаагүй байна. Хэдхэн цагийн өмнө л тангараг өргөлөө. Өнөөдрөөс хуулийн төслүүдтэй танилцаад ажиллана.

-МАН, МАХН-тай нэгдсэн нэг гол шалтгаан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Хоёр нам нэгдэхэд хийсэн тохиролцоо хэзээ ажил хэрэг болох вэ?

-Хоёр нам угаасаа нэг угшилтай нам байсан. Дан Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна өөр олон том асуудлууд яригдсан байгаа. Жишээ нь, Оюутолгойн гэрээнээс гадна байгалийн баялагтаа эзэн болох Монголчууд гэх мэтчилэн. Цаг хугацаа нь болох байхаа.

-Таныг улстөрд орох итгэл үнэмшил хэр байсан бэ. Таныг аавынхаа нөлөө, заавраар улс төрд орж байна гэж шүүмжилдэг. Та УИХ-ын гишүүн болох хувийн итгэл үнэмшил хэр вэ?

–Мэдээж би хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, байр суурьтай Э.Батшугар гэж гишүүн болж байна. Мэдээж ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг.

Чуулган: Хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
Чуулган: Хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.