УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц.Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулсан. УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байхаа болиод удаж байгаа. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хоосон лоозон ярихаа болих хэрэгтэй. Ардчилсан нийгэмд төрийн байгууллагаа шударгаар сонгодог тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Монголд сонгуулийн хуулийг өөрчлөх замаар Засгийн эрхийг авдаг болсон. Шударга сонгууль явдаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Сонгогдсон залууст буруу байхгүй. Бор халзан хонь байсан ч ялалт байгуулна.
Сонголт хийж байгаа иргэдэд буруу байхгүй. Амьдрал ахуй нь хэцүү байгаа хүмүүст 500 мянган төгрөг өгье гэхэд уухайн тас зөвшөөрнө. Тэр хүнд ямар хүн дэвшиж байгаа нь ч сонин биш. Мөнгө, тогтолцоо, сүлжээ Монголд хэрээс хэтэрлээ. Сонгууль шударга боллоо гээд уншиж байгаа нөхөр ч асуудалтай.
Баялагтаа эзэн Монгол гэж У.Хүрэлсүх гарсан. Гарсан, гаргасныг нь мэдэхгүй. Гарч ирчихээд тэрбум мод ярьдаг юу юм бэ" гэв.