Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү Д.Монголхүүгийн саатуулагдсан асуудлаар ЦЕГ-аас өгсөн тайлбарт хариу тайлбар хийлээ.
Тэрбээр "Ардчилсан нам зохих ёсны мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцож чадахгүй. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлдэг. Хорих ангид янз бүрийн этгээдүүд хоригддог. Улсын начин Э.Энхбат өнөөдөр хагас үхлүүт байдалтай маш хүнд биеийн байдалтай байгааг ойр дотных нь хүмүүс хэлж байна. Энэ талаар гэр бүлийнхэн нь надад албан бусаар хэлсэн. Би 20 гаруй жилийн хуулийн салбарт ажиллахад хүнийг ийм аймшигтай болгосон Н.Түвшинбаярыг барьж хорихгүй байхыг хараад гайхаж байна. Ерөнхий сайдын найз байвал ямар ч хүн гэмт хэрэг хийсэн хоригддоггүй юм шиг ойлголт байж болохгүй. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой.
Жирийн иргэн аймшигтай терроризм хийсэн мэтээр мэдээлж болохгүй. Д.Монголхүүгийн асуудалд гуталны хэрүүл хийгээд байна. Хайрцаг дотор хүүхдийн гутал байсан гэж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас хайрцаг дотор тэсэрч дэлбэрэх галд шатамхай материал байж болзошгүй хэмээн айгаад оруулаагүй юм шиг яриад байгаа. Цагдаагийн байгууллагын тухай хуулиа нэн даруй өөрчлөх шаардлагатай болсон" гэв.