Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулгүй байдлаа хангаагүй, иргэдийн хохирлыг барагдуулдаггүй ХААН банкинд иргэд дахин ИТГЭХ үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 6 секунд

Харилцагчдынхаа итгэлт анд нь байж, хаан мэт өргөмжлөх уриатайгаар “ам гардаг” Хаан банк хариуцлагагүй үйлдэлдээ хийсэн “хэнэггүй” мэдэгдлээрээ хэдхэн цагийн дотор олон зуун мянган харилцагчийнхаа итгэлийг алдлаа. Иргэд зээлсэн мөнгөнийхөө хүүгээр өрсөлдөөний зах зээлд монополь байдлыг тогтоосон арилжааны хэдэн банкуудаа “тэжээдэг” нь ч үнэн. Гэтэл иргэдээ хэрхэн яаж мөлжих, шимтгэл нэрээр хэчнээн төгрөгийг салгах талыг банкууд нь боддог болсон бололтой. Өөрөөр хэлбэл, авахаа мэддэг хэрнээ хариуцлага хүлээдэггүй байдал банк, санхүүгийн салбарт даамжрах янзтай боллоо.

Хаан банкинд картгүй, дансгүй, хадгаламжгүй хүн тэр бүр ховор. Энэ нь тус банкинд итгэдэг харилцагч хэдэн зуун мянгаар тогтохгүй болохыг харуулна. Гэтэл харилцагч данстай иргэд сарын цалингаа, мөн 50 сая хүртэлх төгрөгөө алдсан ноцтой хэрэг гарлаа. Харин уг асуудлын гаргалгааг хэдэн хакерууд нийлээд халдчихсан гэх дөмөгхөн “үлгэрээр” хаацайлж, залилсан хүний өмнөөс бид хариуцлага хүлээхгүй гээд мэдэгдэл хийгээд сууж буй Хаан банкныханы өмнөөс нүүр ч улайх шиг. Хариуцлага хүлээдэггүй, харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангахгүй юм бол банк гэх нэртэй ажиллаад яах вэ. Зовж олсон хэдэн төгрөгөө уйдсандаа банканд хадгалуулдаг гэж бодоогүй л байлтай. Бүхэл бүтэн салбартаа толгой цохидог ХААН банк үүсч болох эрсдэл, халдлагад аюулгүй байдлаа хангаагүй байгаа нь дэндүү хариуцлагагүй байгаагийн шинж.

Итгэж болно гэх амлалтдаа эзэн байна уу, ХААН банкныхан. Өчигдрийн жишээнээс үзвэл, мөнгөө хадгалуулсаных нь хохь болж, хохирлоо ч төлүүлж чадахгүй хохирогч нэр зүүгээд л хоцрох нь. Тэр байтугай харилцагчдад бурууг өгөх мэт нууц үг, имэйл хаягийнхаа нууцлалыг сайжруулах зөвлөгөөг өгч харагдана лээ. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Иргэд, түнш, харилцагчид чинь итгэсэндээ банктай харилцаж, мөнгөн хөрөнгөө байршуулдаг. Хэрвээ Хаан банк харилцагчдынхаа өмнө хариуцлага хүлээж чаддаггүй юм бол өөр банкыг сонгох аль эсвэл гэртээ сейф аваад хадгалах хэрэгтэй болж байх шиг байна. Тиймдээ ч итгэл алдарсан иргэд эхнээсээ мөнгөө татаж эхэлжээ.

Хаан банк дотроосоо халдлага хийсэн байж болох уу. Тус банкны хохирогч есөн иргэнээс нэлээдгүй хэд нь хугацаатай болон хугацаагүй хадгаламжаас мөнгөө алдсан гэж мэдэгдсэн. Энгийн харилцах данс, интернет банктай холбоотойгоор мөнгөө алдах эрсдэл үүслээ гэж бодоход эзэмшигчээс өөр хүн хандах боломжгүй хадгаламжаас мөнгө алдагдсан гэдэг нь олон нийтэд маш том эргэлзээг бий болгож байна. Данс эзэмшигч теллерт хандсаны үүдэн дээр хадгаламжаасаа гүйлгээ хийх боломжтойг хүн бүр мэднэ. Тэгвэл хадгаламжаас мөнгө алдагдаж байгаа нь яриад байгаа тэр халдлага гээч нь дотроосоо байж болзошгүй хэмээн хардахад хүргэж буй юм. Данс хооронд андуурч шилжсэн ч банкны программаар олоод мэдчих боломж баймаар л юм. Байх ч ёстой.

Харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хангадаггүй, зохих хариуцлагаа хүлээдэггүй, халдлагын хэрэгтнийг илрүүлэхэд тусалж дэмжинэ гэх үгээр хохирогчдын амыг таглаад өнгөрдөг байдлаас үзвэл та бүхнээс татгалзах л сонголт байна, ХААН БАНК-ныхан.

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.