Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр "Жаст групп"-ын захирал Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг шүүн хэлэлцэх товтой байсан. Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт, мөн шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Эргэн сануулахад, “Жаст групп”-ын захирал Ш.Батхүүг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жил хорих ял сонссон юм.