"Nodoublestandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүү тэргүүтэй хоёр хүнийг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан. Үүнтэй холбоотой үг хэл, үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндэслэлгүй иргэнээ барилаа хэмээн иргэд жагсаал цуглаан хийж байна.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд тайлбар хийлээ.
Тэрбээр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хүргэе. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх хэв журмыг сахиулах үүрэгтэй. Үүний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Жагсаал цуглаан хийхэд зөвшөөрлөө аваад тайван жагсаж байгаа бол бид хүндэтгэлтэй хандаж хамтарч ажиллана. Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлд жагсаж цуглах эрхтэй гэсэн боловч бусад зүйлсийг жагсаал цуглааны тухай хуулиар заасан байгаа. Иргэн бол хуулийг дээдлэх сахин биелүүлэх үүрэгтэй. Эхний есөн сарын байдлаар 198 жагсаал хийгдсэн байна. Жагсаал цуглаан зохион байгуулагчийн үүрэг хуулинд заагдсан байдаг. Жагсаал цуглаан байгуулагч нар жагсагчдын амь нас, дэг журам, эрүүл мэнд, эд хөрөнгөний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцдаг. Одоо жагсаал цуглаан зохион байгуулагч нар ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдэг болсон байна. Энэ дагуу Цагдаагийн байгууллага хуулиа хэрэгжүүлж ажиллахыг шаардлаа.
Д.Монголхүүгийн талаар мэдээлэл өгөхөд би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцогч биш, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг. Мөрдөн байцаагчийн өгсөн мэдээллээр есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалд хайрцагтай эд зүйл оруулахгүй хэмээн цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн хайрцган дотор гутал байсан гэсэн тайлбарыг өгсөн боловч бид яг гутал байгааг мэдэхгүй. Тиймээс мэдэхгүй эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн. Олон нийт цугласан энэ үед оруулж болдог болдоггүй зүйл гэж байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү гэгч хууль ёсны шаарлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед нь халдсан. Үүний дагуу СБД-ийн цагдаагийн хэлтэс уг этгээдийг авч явсан. Нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа нь нийгмийг тогтворгүй байлгах тал руу иргэдийг уриалж байна. Хууль ёсны шаардлага тавьсан цагдааг эсэргүүцэх, бичлэг хийх, цагдааг буруутгах бичлэгүүдийг цацаж байна. Д.Монголхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад ирдэггүй болохоор баривчилсан. Прокуроорын зөвшөөрлөөр баривчилсан. Монгол Улс төртэй хуультай орон. Хууль сахиулах байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй боловч цагдаагийн биед халдах хэл амаар доромжлох нь удаа дараагийн үйлдэл. Мөрдөн шалгах ажиллагааны үйл явцыг нарийвчилж ярих боломжгүй" гэлээ.