Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд "Би хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээгээр үйлдвэрийн ажил их оволзож байгаа гэж ойлгосон юм. Өнөөдрийн мэдээллээс эхлээгүй юм байна гэж ойлголоо. Өнөөдөр үйлдвэр баригдаж байгаа гэж явж байгаа боловч хоолны газар, контор, гал команд, лабаратори, агуулахаа л барьж байгаа юм байна шүү дээ. Айл өрхөөр яривал байшин барина гэснээ явган хүний зам, жорлон, мах хадгалах амбаар бариад яваад байгаа юм байна. Үндсэн барилгаа бариад дараа нь эдгээр зүйлсээ барихгүй бол үндсэн тендер шалгараагүй байхад орон сууц, хоолны газраа бариад явах юм. Энэ жил орон сууц нь ашиглалтад орчихвол 2026-2027 онд үйлдвэр ашиглалтад орох гэсээр байтал хэдэн шинэ барилга нь эргээд засвар хийх шахуу болчих юм биш биз. Миний ойлгож байгаагаар урдаас нь бус, хойноос нь хөөгөөд яваад байх шиг байна. Тенжинь дээр ачаа овоорсон гээд худал мэдээлэл өгөөд байх юм. Газрын тосны үйлдвэр оволзоод байгаа гэх мэдээлэл худлаа юм байна шүү дээ" гэв.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бол бүх зүйлийг нарийн төлөвлөж, логик дэс дараалалтай явагдаж байгаа ажил. 2018, 2019 онд барьсан үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд, газрын тосны үйлдвэрийн хотхон, технологийн барилга байгууламжийн ажил нь дараа дараагийн ажлуудын суурь ажлууд учраас бие биендээ харицлан уялдаа холбоотой явагдаж байгаа ажлууд. Наана цаана нь оруулж, андуурч хийсэн зүйл үгүй" гэлээ.