Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний хомстол үүссэн асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна. Нийслэлийн хэмжээнд сард дунджаар 50-110 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Сүүлийн үед хомстол үүсэж байгаа шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Энэ нь хомстол гэхээс илүүтэйгээр дараалал үүсэж байгаа шалтгаан юм. Энэ жилийн хувьд хэрэглээ нэлээд өсөж байна. Төлбөрийг хөнгөлсөнтэй холбоотой хэрэглээ өсөж байна. Мөн цочмог хүйтэрсэнтэй холбоотой хэрэглээ өсөж байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд карт зарим айлуудад давхардаж олгогдсонтой холбоотой хэрэглээ өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонныг өдөрт хэрэглэж байсан. Өнөөдрийн дотор 3200-д хүрсэн байна. Энэ хэрэглээнээс болоод цэгийн тоо цөөдөж дараалал үүсэж хүндрэл гарсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн цэгийн тоог зуу зуугаар нэмэгдүүлж байна. Өнөөдөр 280 цэг ажиллаж байгаа бол маргаашнаас эхлэн 380 цэг ажиллана. Ажиглаж үзээд шаардлагатай бол цэгийн тоог дахин нэмнэ" гэв