МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт гурван чиглэлээр санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2022 оны төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн асуудлыг тусгуулах шаардлагатай байна. Үүнд,
- Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгах
- Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт тусгуулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсөвт тусган хэрэгжүүлэх
- Төсвийн хэмнэлтийн тухай 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн харах, сөрөг үр дагаврыг арилгах
- Төрийн албан хаагчдын тоо чанарыг хүртээмжтэй байлгах, зохистой түвшинд байлгах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж худалдан авах чадвар буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоохыг санал болгож байна" гэлээ.
Түүнчлэн намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Энэ найруулгад "Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог эрс сайжруулах саналыг оруулна. Учир нь нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийх шаардлагатай" гэсэн юм.