Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эгчээ би ямар гутлаа өмсөх вэ, манай ангийнхан их өндөр болсон байх даа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 3 секунд

Алтан навчис хийслээ дээ

Аяны шувуу буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа.. гэж дууг хаа нэгтээ сонсохоор л ажил төрөл хийдэг, сурагчийн ширээнээс алсран одсон бидний зүрх сэтгэл өөрийн эрхгүй догдолдог. Есөн сарын 1-ний урд орой шинэ хувцсаа хажуудаа бэлдэж, нэг ч бэх хүрээгүй, цас шиг цагаан дэвтрээ байн, байн гаргаж үздэг тийм л гэгээн өдрүүд эхэлж байна. Цар тахалтай холбоотойгоор хичээл сургуулийн үйл ажиллагаа хоёр жил цахимаар хичээллэсэн. Тиймээс найз нөхөд, багшаа санасан сурагчид хоног, цаг, минут бүрийг хуруу даран хүлээж байна.

Тэдний төлөөлөл болгож, Дундговь аймгаас Улаанбаатар хотод суралцахаар ирсэн үеэлүүдийг онцоллоо. Хамгийн бага нь наймдугаар ангийн сурагч. Харин том нь их сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Тэд нэг гэрт долуулаа хамт амьдардаг. Сурвалжилга бэлтгэхээр гэрийнх нь хаалгаар ороход л инээд хөөр цалгиж, сурагчийн шинэхэн дүрэмт хувцас, дэвтэр, үзэг, харандаагаа эгнүүлэн тавьжээ. "Эгчээ би ямар гутлаа өмсөх вэ. Манай ангийнхан их өндөр болсон байх даа. Би өндөр болсон болов уу. Хичээл орно гэхээр сандраад байх юм" гэх мэт баяр хөөр инээд цацруулсан үгс хөвөрнө.

Хамгийн том оюутан эгч нь хичээл сонголтоо хийхээр сургууль руугаа явсан бол удаах ах нь хичээлийн хажуугаар хийдэг цагийн ажилдаа гараад эзгүй байв.

Ингээд дунд эгч болох А.Хонгорзултай цөөн хором ярилцав. Тэрбээр "Нэгнийхээ ойлгохгүй мэдэхгүй зүйлд туслахаас авахуулаад олон зүйлийг хамтарч хийдэг. Хэдийгээр олуулаа нэг дор амьдарч байгаа ч эвтэй найртай. Нэг ч удаа маргаж үзээгүй. Ах дүүсийн хүүхдүүд болохоор бид бие биедээ маш их хайртай. Хичээл сургууль завсарласан энэ хугацаанд цахим хичээл үр дүн багатай байсан ч хичээнгүйлэн суралцсан. Аав, ээжүүд минь ухаантай хүмүүс байдаг болохоор хичээл хийх боломж нөхцөлөөр бүрэн хангаж өгдөг. Тиймээс аав ээждээ баярлалаа гэж хэлмээр байна" гэв.

Харин дүү нар нь "Хичээл орох гэж байгаад маш их догдолж байна. Хамгийн гоё зүйл нь найз нөхөдтэйгөө уулзах, түүнчлэн багшийгаа маш их санасан байна" гэв.

Хамгийн бага хоёрын нэг нь онгоцны үйлчлэгч, нөгөө нь багш болно гэсэн бол арванхоёрдугаар ангийн эгч нь эмч болохоор бэлдэж байгаа гэнэ. Харин эзгүй байсан эгч нь газар зохион байгуулалт, инженерээр сурч байгаа бол цагийн ажилдаа явсан ах нь автын инженерээр суралцаж байгаа аж.

Хүүхдийн гэнэн цагаан инээд цалгисан энэ өргөөгөөр ороод гарахдаа нийгмийн бүх стрессийг мартаж орхиод магадгүй маргааш би хичээлд явах ч юм шиг санагдсансан. Мөн бага насны минь сайн сайхан дурсамжууд энэ айлын сандал дээр тохоостой байсан шинэхэн дүрэмт хувцас шиг ой тойнд минь тодрон үзэгдсэн дээ.

Баяр хөөр цацарсан энэ гэрээс ирээдүйн төрийн жолоо атгалцах, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх баатрууд төрнө гэдэгт итгэлтэй байна.

Х.Умаахан

МХГ: Ховдын тарвасын аюулгүй байдлын гол үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй
МХГ: Ховдын тарвасын аюулгүй байдлын гол үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.