Унгар улс манай улсад 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэхээр болжээ. Энэ талаар Унгар улсад суугаа элчин сайд З.Батбаяр мэдээлэв. Тэрбээр, "Унгар улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа. Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол улсад ирэх нь.
Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм. Яг одоо хамгийн ихдээ 2 долоо хоногийн дотор Монгол улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50000= 1650000 евро) ойролцоогоор 4,6 тэрбум төгрөгний үнэтэй байх нь.
Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовиурыг багасгах болтугай.
Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе.
Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын ЗГ-т баярлалаа" гэжээ.