Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт улстөржилт байгаа талаар хэллээ. Тэрбээр, "Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудал яригдаж байгаа. Асуудлыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэлээрээ эмнэлгийн удирдлагууд дотроо цалингаа нэмэх чөлөөт өрсөлдөөний жишиг рүү эрүүл мэндийн салбар шилжилт хийсэн. Үүнийгээ бүрэн төгөлдөржүүлж сайн ажиллахыг Нэгдсэн эмнэлийн удирдлагууд, Эрүүл мэндийн яамны удирдлагуудад албан ёсоор үүрэг өгч байна.
Эрүүл мэндийн салбарыг улстөрөөс ангид байлгах ёстой. Улстөрчдөд хандаж хэлэхэд, цар тахлын амаргүй үед улстөр хийх гэж байгаа бол Ерөнхий сайдтайгаа хийх хэрэгтэй. Энэ улстөрийг дөнгөн данган тэнцэж ядаж байгаа эрүүл мэндийн салбарт хийж албаар хооронд нь талцан хуваах бодлогыг улстөрчид барьж болохгүй. Өмнө вакцин дээр иймэрхүү асуудал үүссэн. Би зарим хүмүүсийн нэрийг хэлсэн. Цаашлаад хэрэв энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрсийг зарлана. Хуулийн байгууллагад шилжүүлнэ.
Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Энэ удаад би туйлын эелдэгээр сануулж байна" гэв.