Сүхбаатарын талбайд өнөөдөр цахим наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд тайван жагсаал хийж байна. Тус NONAADAM жагсаалтай холбогдуулж, УИХ-ын эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл “Улсын их баяр наадмаа хойшлуулах санал гаргаж байна. Өнөөдөр баяр наадмаас илүүтэй хүний амь насны асуудал чухал байгаа учраас наадмаа хойшлуулах саналыг УОК болон Засгийн газарт хүргүүлсэн. Монгол улсын Ерөнхий сайд бидний саналыг хүлээн авч, судалж, УОК-оор шийдвэрлүүлнэ гэдгээ хэлсэн. Халдвартай тэмцэж буй иргэддээ зориулан сан байгуулах санаачилгыг гаргаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Ковид 19-ийн улмаас өнчирсөн хүүхдэд насан туршид нь тусламж үзүүлэх санг бий болгохоор ажиллаж байна. Өмнө жил хүүхдийн төлөө үндэсний фондод 2.2 тэрбум төгрөг цугласан. Энэ фондын зорилго нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, тэмцээн уралдаанд хүүхдүүдийг оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Ковид 19-ийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус сангийн зориулалтыг өөрчлөх хууль эрх зүйн шинэчлэх тал дээр ажиллаж байна. Энэхүү ажлыг түүчээлэн УИХ-ын эмэгтэй гишүүд нэг сарын цалингаа хандивлаж байна” гэлээ.