Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу энэ сарын 9-нд болно. Харин өнөөдөр
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
- Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
- Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өгөв. Тэрбээр "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм.
АНУ, Япон, ОХУ зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ирсэн. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон" гэлээ.