Засгийн газар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж, тэдгээрийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийхээр болжээ. Тодруулбал, Хотын дарга “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар арваннэгдүгээр сард танилцуулна. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, Гандангийн төлөвлөлтийг хийнэ” гэсэн байдаг.
Харин Ерөнхий сайд “Зураг төсвөө гарган танилцуулж, хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт оруулаарай. Ирэх жил дэд бүтцийн ажлыг шийднэ. Гэхдээ Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүй байхад анхаар. Мөн иргэдэд ач холбогдолтой байх шийдлийг эрэлхийлээрэй” гэсэн юм.
Ганданг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын бүс байдлаар хөгжүүлэх аж. Ингэхдээ 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийдэх юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар болжээ.