Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй Энэтхэг улсад сүүлийн үед “хар мөөгөнцөр” хэмээх халдварт өвчин хурдацтай тархах болжээ. Иймд Энэтхэгийн мужууд ховор төрлийн “хар мөөгөнцөр” буюу мукормикоз халдварт өвчний эмчилгээнд хэрэглэдэг мөөгөнцрийн эсрэг эмийн хомсдолд ороод байна.
Мөөгөнцрийн эсрэг амфотерицин B хэмээх эмийг Энэтхэгийн эмийн компаниуд үйлдвэрлэдгээс гадна хар зах дээр худалдаалагддаг байна. Сүүлийн үед мукомиркозын халдвар авах тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор нийгмийн сүлжээгээр тус эмийг олон хүн асууж, эрэлттэй болжээ. Мөөгөнцрийн халдвар авах тохиолдол ихэссэн нь коронавирусний халдварт өвчин нь хүндэрсэн өвчтөнүүдийн эмчилгээнд стероид хэрэглэснээс үүдэлтэй байж болзошгүй тухай Энэтхэгийн эмч нар мэдэгдсэн байна.
Мукормикоз нь голцуу чийглэг өрөөнд болон юмны гадаргуу, хөрс, ургамал, ялзарсан ногоо, жимс жимсгэнэ дээр байдаг цагаан хөгцийн нөлөөгөөр үүсдэг. Тус халдвар нь хамрын хөндий, тархи, уушгинд нэвтэрч, чихрийн шижин өвчтэй хүмүүс эсвэл хорт хавдартай өвчтөнүүд, ХДХВ, ДОХ зэрэг дархлал хомсдолтой хүмүүсийн амь насанд аюул учруулж болзошгүй гэнэ.
Махараштра мужид коронавирусний халдварын 1500 тохиолдол бүртгэгдсэн тухай тус мужийн Эрүүл мэндийн сайд Раджеш Топ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Махараштрад 52 хүн мукормизын өвчнөөр нас барсан байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 26,752,447 хүн халдвар авснаас 23,728,011 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: BBC