"Ийгл" телевизэд компьютер графикч, Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх Г.Ган-Очир АН-ын мэдээллийн үеэр МАН-ын удирдах албан тушаалтнууд болон бусад нэр бүхий хүмүүс сонгуулийн хар хайрцагийг хэрхэн хакердсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Миний бие Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан гэх гэмт хэргийн гэрч, хохирогч болсон. Энэхүү хэрэг нь сонгуулийн хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай эрүүгийн гэмт хэрэг юм. Энэ хэрэгт миний бие болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, МАН-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудын хамт цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сарын турш шалгуулсан. Гэвч хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр прокуророос хэргийг хаасан Монгол Улсын иргэний хувьд гомдолтой байна.
Хэргийн гэрч болох намайг хэлмэгдүүлж, удаан хугацаанд сэтгэл зүйн болон бие махбодын дарамт үзүүлж эцэст нь хэргийн үйлдэгч болгон хохирогчгүй байх гэх үндэслэлээр хэргийг хааж, МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудад ял завших боломж олгосныг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 он дуусч, албан ёсны баталгаа байхгүй болсон үеэс МАН-ын удирдах албан тушаалтнууд программ хангамжийг өөрчилж, хар машиныг ямар ч нууцлалгүй скайнер, принтер шиг болгож, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиудыг явуулсан нь миний дэлгэж байгаа баримтуудаар тодорхой болох юм.
Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд, МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга Б.Сэмжидмаа, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Г.Гангамөрөн, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT мэргэжилтэн гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд болон хариуцлагатай албан тушаалтнууд хамтран ажилласан. Энэ бүхэн бодит баримттай" гэв.