ХНХ-ын сайд А.Ариунзаяа нийгмийн даатгалын сангийн Капитал банкинд байршаад байсан хөрөнгөтэй холбоотойгоор өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр,
"2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр тус банкийг албадан татан буулгасан бөгөөд энэ үед нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж байсан. Үүнээс хойш тус авлагыг барагдуулахын тулд АТГ, Монголбанк, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, банкны хүлээн авагчтай хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Капитал банкинд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулсан.
Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэснээр төлбөр барагдуулах дарааллыг 3 түвшин дээшлүүлж, одоо барагдуулах ажиллагаа явагдаж байна. Тус банкны эрх хүлээн авагч зөвлөлийн гишүүдтэй 30 удаагийн уулзалт хийж 25 албан бичиг хүргүүлж, холбогдох шаардлагатай мэдээллийг 32 удаа цахим шуудангаар солилцсон.
Дээр дурдсан ажлын үр дүнд эхнээсээ нэхэмжлэлийг барагдуулж, одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Одоо банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзэж, судлах, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж байна" гэжээ.