Засгийн газрын 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу өөр аймаг, сумдын нутагт отроор өвөлжсөн малчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн бэлчээрээ чөлөөлж нүүсэн байх шаардлагатай. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Гэвч Засгийн газрын энэхүү тогтоол бүрэн хэрэгжихгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Тэрбээр "Засгийн газрын тогтоолд заасан хугацааг өөрчлөхгүй. Есөн бүс нутгаас нийтдээ 478 өрхийн 431.7 мянган толгой малыг гаргаж бэлчээрийг чөлөөлүүлсэн. Энэ бол отроор явсан малын 65 хувь нь. Үлдсэн 35 хувь нь Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахгүй отрын бүс нутагтаа байсаар байгаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах нь тухайн орон нутгийн удирдлага, засаг захиргааны нэгжийн хариуцах ажил" гэлээ.