Цар тахлын улмаас хойшлоод байсан 69 дэх удаагийн тэмцээнд ертөнцийн миссийн титмийг Мексикийн мисс Андреа Меза хүртлээ. Өдгөө 26 настай Меза инстаграмдаа хийсэн бичлэгийнхээ тайлбар хэсэгт “Мексикт зориулав” хэмээн титэм зүүж буй бичлэгээ нийтэлжээ.
Тэрбээр, "Өнөө орой хамт зогсож байсан 73 гайхалтай эмэгтэйн дундаас шалгарсандаа би маш их баяртай байна. Өнөө үед гоо үзэсгэлэн зөвхөн бидний харагдах байдал биш юм. Миний хувьд гоо үзэсгэлэн нь зөвхөн бидний сүнсэнд биш, харин бидний зүрх сэтгэлд, бидний биеэ авч явах байдалд гэрэлтдэг. Хэн нэгэн чамайг үнэ цэнэтэй биш гэж хэлэхийг хэзээ ч бүү зөвшөөр" хэмээн мэдэгдсэн байна. Тэмцээний шалгаруулалт Флорида мужийн Холливүүд хотын “Hard Rock Hotel & Casino” төвд болсон байна.
Энэ удаагийн наадмын үеэр Мьянмар, Сингапур улсын оролцогчид тайзан дээрээс улс төрийн агуулгатай мэдэгдэл хийж, үзэгчдийн анхаарлыг татсан байна. Тухайлбал шилдэг 21 бүсгүйд шалгарсан Мьянмарын мисс үндэсний хувцасны үзүүлбэрийн үеэр “Pray for Myanmar” бичигтэй самбар барьж тайзан дээр алхсан бол Сингапурын мисс “Stop Asian Hate” уриаг үзүүлж, Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN