Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Гуравдугаар сарын 8-ны өдөр хүний эрхтэй холбоотой асуудал гэдэг агуулгаар би Т.Чимгээтэй уулзсан. Яагаад гэхээр энэ хэрэг яригдсаар их удсан. Хүний эрх гэдэг талаас нь олон улсын байгууллагад хандаагүй хууль эрх зүйн гарц байсан. Миний хувьд С.Зориг агсныг хэн хөнөөсөн, захилагчийн тухай асуудал гэхээс илүүтэй ардчилсан Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүн алаагүй байж, хэлсээр хэлмэгдээд, 20 жилийн ял аваад, 5.5 жилийг мөрдөх байгууллагууд шийдсэн юм биш биз дээ гэсэн айдас байна.
Тухайн байгууллага дунд улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн нь тодорхой болоод Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий нийтэд их сонин зүйл болно. Хэлмэгдүүлсэн эсвэл хайхрамжгүй хандсан гэж үзэх үү. Өөрийн аав, ээж, ах дүү, хамаатныг төлөөлүүлэн бодоход их л аймшигтай санагдаж байна. Энэ асуудлыг шүүх эцэслэн шийдэх байх. Юутай ч алхам алхмаар урагшилж байна.
Шударга ёс гэж ярихад амархан ч гэсэн, үүний төлөөх тэмцэл цаг хугацаа их шаардсан зүйл байдаг юм байна. Өдрөөс өдөрт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал бага багаар ахиц гарсаар байна. Энэ нь нэг өдрийн дотор, нүд ирмэхийн зуур шийдлээ олох зүйл биш юм байна. Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна" гэв.