Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрчдийн шилдэг “ҮЛЭЭЛТҮҮД“

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
9 минут 35 секунд

  Сонгууль болгоноор нэр дэвшигчид, нам эвслүүд хачин сайхан амлалтуудыг иргэд сонгогчиддоо амлаж, өөрийгөө ч өрөөл биднийг ч эвгүй байдалд оруулсаар ирсэн. Энэ их "солиорсон" мэт их амлалт, "үлээлт"-үүд монголчуудын амьдралыг хойш нь чангааснаас биш урагшуулсан зүйл нэг ч алга. Тэдний "үлээснээр" бол бид өнөөдөр гэр хороололгүй, утаагүй, өдөр бүр метро, төмөр замаар өдөр бүр зорчиж, сард 5 сая төгрөгийн цалин авсан шиг ээ дэндүү жаргалтай амьдрах байж. Харамсалтай энэ бүгдээс биелсэн зүйл нэг ч алга. Ард түмэн, нийслэл хотын амьдрал яг л хэвээрээ. Магадгүй бүр уруудан доройтсон байхыг ч үгүйсгэхгүй.

  Тэгвэл шинэхэн сонгууль "үүдээ" нээх гэж байгаатай холбоотойгоор улс төрийн хий хоосон амлалтаа бага байлгаасай гэсэндээ өнгөрсөн хугацаанд улстөрчид болон намуудын өгсөн биелэлшгүй амлалтууд, улс төрийн уран гоё "үлээлтүүдийг" нэгтгэж та бүхэндээ хүргэж байна.

Улс төрчдийн шилдэг "ҮЛЭЭЛТҮҮД"

1. Нийслэлийн иргэд бид өнгөрсөн 2017 оноос эхэлж метротой болсон байгаа. Гэвч энэ метрогоор зорчих нь байтугай барааг нь харсан хүн өнөөдөр 2021 он хүртэл нэг ч гарч ирээгүй. Энэ "үлээлт"-ийг 2011 онд нийслэлд гарсан МАН-ынхан хотын "толгойд" сууж байхдаа хийж байжээ.

2. Н.Энхбаяр тэргүүтэй хуучны МАХН /одоогийн МАН/-ын нөхөд 2008 онд газар шороо ухаж сүү дусаагаад энэ "гайхамшигт" үлээлтээ намынхаа төв хэвлэл "Үнэн сонин"-д гаргаж байж. Энэ цагаас хойш 13 өнгөрсөн хэдий ч нийслэл хотын хамгийн том проблем бол гэр хороолол хэвээр байсаар байна.Н.Энхбаяр тэргүүтнүүдийн "үлээснээр" бол бид энэ жил гэр хороололгүй болчихсон утаа, униараа мартаад паартаа байшин, паалантай 00 ашиглах байжээ.

3. Энэ нэлээн сүүл үеийн "үлээлт". МАН засаглаж эхлээд тун удалгүй сугалгаар сургууль цэцэрлэгт ордог байдлыг үгүй болгоно гэж том амлав. Үүнийг нь тухайн үеийн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа баталгаажуулж 2018 оны 9 дүгээр сарын нэгэн гэхэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж сугалааг үгүй болгоно гэж амласан. Гэвч энэ "үлээлт" өнөөдөр 2021 он гэхэд биелэлээ ололгүй бүтэн 3 жилийг ардаа үдэв.

4. Ардчилсан нам төр барьж байх үеийн төгс "үлээлтүүдийн" нэг бол Дарханд нефтийн үйлдвэр барих юм. Тухайн үеийн ардчилагчдын хэлж байснаар бол монголчууд нефтийн үйлдвэрийнхээ боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг хэрэглээд 4 жилийг өнгөрөөсөн байх байж. Даанч өнөөдөр энэ үйлдвэр байтугай хоёр жилийн У.Хүрэлсүхийн эхлүүлсэн нефтийн үйлдвэр ч баригдаж дуусаагүй л байна.

5. Сонгууль ямар ч намыг, хүнийг "галзууруулдаг" жамтай. Ердөө нэгхэн жилийн өмнө УИХ-ын гишүүн байхдаа З.Нарантуяа энэ гайхалтай "үлээлт"-ийг өөрийн биеэр амлав. Дундаж цалин хэд билээ, эдийн засаг ковидоос болж яаж агшиж байгаа билээ. Энэ бүгдийг эдийн засагч хүний хувьд хамгийн сайн мэдэх тэрбээр намынхаа нэрийн өмнөөс 2020 оны сонгуулийн өмнө дундаж цалинг 3 сая болгон гэж "үлээв". Дундаж нь 3 сая юм чинь дээд хэмжээ нь хэд байх вэ гэдэг асуулт монголчуудын өмнө одоо ч хариултаа нэхсэн хэвээр.

6. Энэ нэлээн хуучны "үлээлт"-үүдийн нэг. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа энэ "үлээлт"-ийг хийсэн. Тэрбээр яг эд төмөр замаар улс төр хийж байх үедээ энэ айхтар "үлээлтээ" 2010 онд хэлсэн. 2 жил байтугай 11 жилийн дараа өнөөдөр ч төмөр зам бүрэн ашиглалтад орсонгүй. Өөрөө Ерөнхийлөгч болоод арай гэж цэргүүдийн хүчээр жаахан урагшлууллаа.

 

7. Бусад "үлээлт"-үүдийг бодоход Дарханы замын "үлээлт" арай л харгис нь байсан. Тухайн үеийн ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан Дарханы замыг 2019 онд ашиглалтад оруулна гэж "үлээсэн" ч үнэндээ өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад орсонгүй. Өнгөрсөн хугацаанд түүний хуулж хаясан эвдэрхий замаас болж хичнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүний эрүүл мэнд эрсдэлд орсныг тоолохоос ч бэргэм.

8. Өнөөдрөөс яг найман жилийн өмнө буюу 2014 онд тухайн үеийн АН-ын Засгийн газрын үед алдарт 5 дугаар цахилгаан станцыг барих ажлыг сүр жавхлантайгаар эхлүүлсэн. Станц барих газрыг нь хэрхэн баатарлагаар олгосон тухайгаа ЗГ-ын сайт дээрээ хүртэл мэдээ болгоод орон даяар "үлээжээ". Гэвч найман жилийн дараа 5 дугаар цахилгаан станц ч үгүй, АН ч үгүй боллоо. Уг нь энэ ашиглалтад орчихвол бидэнд мөн ч их хэрэгтэйсэн.

9. Хуучны төгс төгөлдөр "үлээлт"-үүдийн нэг. "Өдрийн сонин"-д гарсан уг нийтлэлээр бол тухайн үеийн МАХН /одоогийн МАН/ аль 11 жилийн өмнө утааг "ялах" мөрөөдөлтэй байж. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэд утааг дийлсэнгүй. Уг нь бид МАН-ын "үлээлт"-ээр аль 11 жилийн өмнө утаагүй болчихсон юм байгаа шд.

10. Эзэнтэй онигоо гэдэг шиг эзэнтэй "үлээлт"-үүдийн нэг. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр 2018 онд өөрийн пэйж хуудсандаа нэгэн гайхалтай "үлээлт"-ийг бичив. Түүнийхээр бол бид нэг жилийн өмнөөс зүүн дөрвөн замын давхар замаар зорчоод эхэлсэн байх байж. Бас болоогүй ээ, 2018 оны эхээр барилгын ажил эхэлсэн гэж байгаа.

11. Сонгууль гэдэг их муухай зүйл. Улстөрчдийг дандаа худлаа яриулдаг. Үе үеийн парламент, Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчид элдвийн биелэлшгүй утга уянгын "үлээлт"-үүдийг хүчээр шахуу хэлдэг. Эдгээрийн нэг нь АН-ын шинэхэн гишүүн С.Ганбаатар буюу олноо "Босоо Ганбаа" гэх нэрээрээ алдаршсан улстөрчийн "үлээлт". Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ард түмэндээ 5 сая төгрөгийн цалин амлачихсан удаатай. Азаар иргэд үүнд нь нэг их итгээгүй. Гэхдээ түүний 5 сая төгрөгийн амлалт бол улс төр дахь төгс "үлээлт"-үүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж, алтан үсгээр бичигдэх байх.

12. Ерөнхийлөгч маань олоон жилийн өмнө төмөр замын ажлаа 2 жилийн дотор барьж чадахгүй бол хариуцлага хүлээнэ гэж бас "үлээж" байжээ. Өнөөдөр хариуцлагаа хүлээх нь байтугай Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээр улайрч байгаа харагдах юм. 2010 онд Х.Баттулга Ерөнхийлөгч маань их гэгээн, гэгээн зүйс ярьдаг байсан бололтой.

13. Сайншандын аж үйлдвэрийн парк гэх хэрэг сүүлийн хэдэн жил олны анхааралд явж ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон цагаас хойш уг хэрэг хаагдсан гэх юм билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор одоогийн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх 2013 онд ЗТХ-ын сайд байхдаа айхтар том "үлээж" байжээ. Түүний хэлснээр бол Сайншанд АҮП өнгөрсөн жил ашиглалтад орчихсон, өнөөдөр бид Азидаа 7-д орох том эдийн засгийг босгоод ирчихсэн сайхан амьдарч байх ёстой байж. Харамсалтай нь аж үйлдвэрийн парк ч үгүй, төмөр зам ч үгүй монголчууд нүүрсээ хэдэн зууны өмнөх үе шиг машинаар зөөсөн хэвээрээ л байна.

 

14. За, даа энэ "үлээлт"-ийн талаар ярихад ч ичмээр юм. Уг нь мэдээлэлд ойр байдаг хүн. Улс төрийн болон эдийн засгийн үйл явцыг ойрын хэдэн жилээр нь дүгнэж болох л байсан. Гэвч АН-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дарга байхдаа "Худлаа ярьж байгаа юм биш" гэж ирээд л ам.долларыг 1000 төгрөгөөс буурна гэж худлаа ярив. 2015 онд Д.Эрдэнэбат гишүүнийг "үлээж" байхад ноён долларын ханш 1,993 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,849 төгрөг хүрээд байна. Эрх баригчид өөрсдийнхөө төлөө элдвийн амлалт өгч болно. Гэхдээ ингэж баримжаагүй "үлээж" болохгүй.

 

Б.Дугараг

Ихэнх нутгаар шороон шуурга шуурна
Ихэнх нутгаар шороон шуурга шуурна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.