УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр удирдлагатай болоод буй тус намаас хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулаад байгаа билээ. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсон.
УИХын гишүүн Ж.Батсуурь:
"Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, парламентад суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, МАН, АН болон "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой. О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын Их хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд тэргүүлэгчээр оролцсон. Харин С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулсан АН-ын Их хурал гэх зүйлд АН-аас УИХ-д суудалтай нэг ч хүн байгаагүй. УИХ-д суудал авсан 13 гишүүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авсан. Тиймээс АН-ын Их хурлаас нэр дэвших эрх авсан Н.Алтанхуягийг Үндэсний аудитын газар бүртгэх хуулийн үндэслэл бий" хэмээв.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар, тус газраас тодруулга авахаар албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ардчилсан намын албан ёсны тамга үе үеийн дарга нараар дамжиж О.Цогтгэрэлд шилжин ирснийг УИХ-ын гишүүн Ц.Туваан онцолж, С.Эрдэнийг хуурамч тамга хийлгэж, түүнийгээ ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тодотголоо. Мөн УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэгдсэнээр тус бүлэг 13 гишүүнтэй болсон юм.