Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших ажиллагаа амралтын өдрүүдэд шуугиантайхан болж өндөрлөв.
Нэр дэвших ажиллагаанд орохынхоо өмнө МАН нэг өрсөлдөгчөө өөртөө "элсүүлж", нөгөө өрсөлдөгчөө хоёр хуваачихаад харьцангуй боломжийн нөхцөлтэйгөөр сунгаанд оров. Уг нь тэд ХҮН-ын эвслээс АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлэхээр лобби хийсэн ч бүтэлгүйтэв. Бүтэлгүйтээд зогсохгүй бүр байдал эвгүй болоод дууслаа. Одоо У.Хүрэлсүх тэргүүтэй эрх баригчид "ХОЁР БАГЦ"-аас сонголтоо хийнэ. Б.Пүрэвдорж гишүүний хэлснээр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран найз У.Хүрэлсүхээсээ хоёр багцаас сонголт хийлгэхээр бариад орох бололтой.
С.Эрдэнэ, Д.Энхбаттай "ЭХНИЙ БАГЦ"
Эхний багцад С.Эрдэнэ, Д.Энхбаттай багтаж байгаа. "Захиалга"-ын дагуу бүх зүйл өрнөвөл С.Эрдэнийн АН-аас С.Эрдэнийг СЕХ бүртгэж авна гэх шуум байна. Ядаж байхад Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар С.Эрдэнийг нэр дэвшчихсэн мэтээр гурван нэр дэвшигчийн зургийг эвлүүлж байгаад пост хийгээд намаа "азаартуулчихлаа".
Хэрвээ С.Эрдэнэ гэдэг сонголт хийгдээд СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгээд авчихвал МАН бүр эвгүй байдалд орно. МАН-ын хувьд Д.Энхбат гэдэг хүн аянга л гэсэн үг. ХҮН-ын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх мянган уран арга сүвэгчлээд ч нэмэргүй. Тиймээс хамаг боломжоо АН-аас л хайх нь ойлгомжтой. Д.Энхбат 2008-2012 онд УИХ-д гишүүнээр ажиллаад үзчихсэн. Улс төрд олон жил явчихсан, нийгмийн чиглэлд ч гэсэн оюун санааны чиглүүлэгчийн түвшинд хүрсэн. Нийгэмд аль хэдийнээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлчихсэн, хүчтэй кандидат. Тэр гарч ирснээр Ардын намын хамаг тооцоо эвдэрч, шокын байдалтай сууж байна. Мөн Д.Энхбатын хувьд хийсэн бүтээсэн зүйлтэй. Датаком гэх интернэт, технологийн бизнесийг Монголд оруулж ирсэн. Одоо ч үргэлжилж байгаа түүний бизнест элдэв тендер, ЖДҮ-гийн асуудал байхгүй. Бараг л өндөг шиг өөгүй нэр дэвшигч.
Гэхдээ С.Эрдэнэтэй багцыг сонговол У.Хүрэлсүх өөртөө "булуу" хурааж мэднэ. Учир нь С.Эрдэнийг өөрийнхөө АН-аас гарч ирнэ гэж олон хүн зүүдлээ ч үгүй. Магадгүй энэ цочир сонголтын цаана Ардын намыг байгаа гэх хардлага байна. Тиймээс СЕХ С.Эрдэнийг сонгож нэр дэвшүүлэхээр шийдвэл олон нийт маш ихээр дургүйцнэ. Хоёрт, С.Эрдэнийг гарч ирсэн намын гишүүд нь маш ихээр эсэргүүцэж байна лээ. Энэ бүхний эцэст ХҮН болон Д.Энхбатын дэмжигчдийн жагсаалт руу С.Эрдэнийг эсэргүүцэгчид болон үзэн ядагсад бонус болон нэмэгдэнэ. У.Хүрэлсүхийг эсэргүүцэж, эрх баригчдын эсрэг санал өгөх гэж байгаа хүмүүс С.Эрдэнэд биш Д.Энхбатад өгчихвөл байдал эвгүйтнэ.
Н.Алтанхуяг, Д.Энхбаттай ХОЁР ДАХЬ БАГЦ
Н.Алтанхуягийг дутуу үнэлж болохгүй. Сайн ч, муу ч Ерөнхий сайд байж үзсэн хүн. Улс төрд явсан туршлагын яриад ч хэрэггүй. Дээр нь түүнд сонгуульд маш амжилттай оролцдог "мэргэн" ухаан бий. Түүний үед л АН бараг зургаа дараалж ялсан түүхтэй. Магадгүй ЗГ-ыг нь Ц.Элбэгдорж болон МАН хамтарч "татаж унагаагүй" байсан бол 4 жилийн дараа ямар үр дүн бүтээх байсан бол гэж олон хүн ярьдаг. Тиймээсээ У.Хүрэлсүх шууд Н.Алтанхуягийн эсрэг үзвэл асуудал төвөгтэй.
Харин Д.Энхбат ХҮН-ээс "X Factor"-н дүрээр ороод ирсэн энэ нөхцөлд У.Хүрэлсүх болдог бол Н.Алтанхуягтай үргэлжлүүлбэл арай л дээр байх болов уу. Хоёр ч сонгуулийн турш сонголтгүй сонголт тулгуулсан ард түмэнд Д.Энхбат энэ маш их таалагдаж байгаагаа сошиалаар нэг илэрхийллээ. Хэрвээ Д.Энхбат ялалт байгуулъя л гэвэл АН, МАН ялгаагүй сонгогчдыг нь татах хэрэгтэй. Ялангуяа учраа олохгүй бужигнаж яваа АН-ын санал түүнд "том" нөлөө үзүүлнэ. Н.Алтанхуяг АН-ын нэр дээрээс "босчихвол" Д.Энхбат руу эргэчих гээд байгаа санал тийм ч амар хөдлөхгүй.
Эрх баригчид ямар ч хамаагүй үнээр ялъя гэвэл хуулийг үл тоогоод Н.Алтанхуягийн АН-ыг илүүд үзэж мэдэх юм. Харин хаашдаа өнгөрсөн хорвоо гээд нүдээ аниад дайрахаар шийдвэл хууль ёсны гэгдээд байгаа С.Эрдэнэтэй "багц"-ыг сонгох биз ээ.
Г.Лхагвадорж