Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бичсэн "Шударга бусын хонгил" гэх баримтад номтой өнгөрсөн амралтын өдрүүдэд "халз" үзэлцэв. Тэрбээр олон зүйлийн талаар, ялангуяа өөрийн ярьдаг МАНАН "мафи"-ийнхаа талаар их зүйл өгүүлжээ. Улс төрд "шогшиж" яваа хүн бүр эргүүлж тойруулаад харчихад өнгөрсөн 12 жилд АН дотор өрнөсөн хийгээд Монголын улс төрд өрнөсөн үйл явцыг ерөнхийд нь зураглачих болов уу. Харин үнэн бодитой эсэхийг зохиогч л мэдэх байх. Өнөөдөртөө та бүхэндээ Н.Алтанхуягийн өөрийнх нь өгүүлсэн нэн сонирхолтой болохуйц үйл явдал, Ц.Элбэгдорж тэргүүтэй хувь улстөрчдийн хөшигний ард бие биедээ юу гэж хэлсэн. Ямар яриа хэлцэл явж байсан талаар бичсэн нэн сонирхолтой 20 баримтыг түүж хүргэе.
1. Номынхоо бараг эхэнд З.Энхболдыгоо "хатгахаа" мартсангүй
"...Б.Баттулгыг цааш нь алхуулахгүй гэсэн хажуу хавийн зарим нэг нь хуурсан, МАН-ынхан хуурсан уу мэдэхгүй юм. Хожим үнэн мөн нь тодрох биз..." гэв. Ерөнхийлөгчийг дэвшихгүй болгосон гэж З.Энхболдыг улстөрчид, олон нийт цэцийн шийдвэрийн дараа шүүмжилсээр л байгаа.
2. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан Ерөнхий сайдынхаа өрөөнд 2 хоног нуугджээ
Яаж ч уншаад нүдэнд буусан ч, сэтгэлд буухгүй үйл явдал. ТЕГ гэх хуулийн том байгууллагын дарга нь цагдаагийнхнаасаа нуугдаад Ерөнхий сайдынхаа өрөөнд бүтэн 2 хоног нуугдаж л байдаг. Ерөнхий сайд нь ч эрүүгийн хэрэг үүсгүүлчихсэн нөхрийг өрөөндөө орогнуулж л байдаг. Тэрбээр энэ тухай "...ЦЕГ-ын тусгай субъект хариуцсан дарга Баатар гэх нөхөр ТЕГ-ын дарга Б.Ариунсан, ТГ-ын дараг хоёрт нь энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд баривчлах гэж нэлээд юм болов. Түүнээс нь зугтаж ТЕГ-ын дарга Б.Ариунсан Ерөнхий сайдын өрөөнд бүтэн хоёр хоног нуугдаж билээ..." гэв. Инээдтэй ч юм шиг, бас эмгэнэлтэй ч юм шиг үйл явдал.
3. Ц.Элбэгдорж: Алтанхуяг аа, чи З.Энхболдод Ерөнхий сайдаа өг...
"...Намын даргаар ажилласан хүний хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодсон зорьсноо хийж хэрэгжүүлэх боломж олдлоо гээд баяртай байлаа. Гэтэл МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж "За, Алтанхуяг аа, чи З.Энхболдод Ерөнхий сайдаа өгчихөөд, өөрөө УИХ-ын дарга бол" гэхэд нь тун жигтэй санагдаж билээ..." гэжээ. Түүнийхээр бол Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд нэр дэвшихдээ намын хамааралгүй болно гэдэг "гоё" үгээ боливол таарна. Үе үеийн Ерөнхийлөгчид хамгийн их намчирхдаг.
4. Ц.Элбэгдорж: Би "Эрдэнэт"-ийг хариуцна
"...Хожим намайг Ерөнхий сайд болсны дараахан Ц.Элбэгдорж дуудаад, "За Хуягаа, "Эрдэнэт"-ийг би хариуцна. Чи бусад ажлаа хариуц" гэхэд нь түүнийхээр л шийдсэн..." гэж өгүүлжээ. Хэрвээ энэ үнэн бол төрийн том үйлдвэрийг дураараа хэлэлцэж шийддэг. Ерөнхий сайд нь ч гэсэн тэрийг нь өөхшүүлдэг байх нь.
5. Ц.Элбэгдорж Г.Дэнзэнг гэмтэн "өргөмжилжээ"
"...Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихдээ сонгуулийн сурталчилгаандаа зориулж хийлгэсэн нэвтрүүлэгтээ оролцохдоо зориуд асуулгаж байгаад "Г.Дэнзэнг албан тушаалаас нь огцруулах ёстой гэж би Ерөнхий сайд Н.Алтанхуягт хэлээд л байгаа" гэж хариулсан юм. Үүгээрээ тэр олон нийтэд Г.Дэнзэн бол гэмт хэрэгтэн гэж үнэмшүүлэх гэж чармайж, тэр нь ч биелсэн..." гэжээ. Үүнд тайлбар илүүц биз.
6. Хувь заяаны шоглоом
Ц.Элбэгдоржийн гэмтэй гэж зарласан Г.Дэнзэн нь 2009 оны сонгуулиар Бээжингээр дамжиж өөр нэг хотод очиж иргэний үнэмлэх дээр тэмдэглэгээ хийх БАХИЙГ хийлгэж иржээ. Энэ бахийн ачаар сонгууль будлиантаагүй бөгөөд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байсан талаар дурджээ.
7. "Давхар дээл" шоу бас "зэвсэг" байсан нь
"Давхар дээл" гэж хамгийн чанга хашигчиж байсан хүн эргээд бодоход Ц.Элбэгдорж. Тиймээс тэр "давхар дээл"-ийг халах хууль санаачилж УИХ-д өргөн барьсан түүхтэй. Энэ талаар "...би Ерөнхийлөгчтэй уулзаад, ямар учиртайг нь асуутал "Өө би олон нийтэд амлачихсан. Сонгуулиар нэхээд хэл ам хийнэ. Тэгээд ч энэ хууль 2016 оноос үйлчлэх хууль, танай засагт хамаагүй" гээд өнгөрөөсөн юм..." гэжээ. Энийг уншихаар Н.Алтанхуяг хүүхдээрээ ч юм шиг. Хэтэрхий гэнэн итгэмтгий хүн бололтой. Учир нь МАН-ынхан уг хуулийн хэрэгжих хугацааг яг батлахдаа наашлуулаад Шинэчлэлийн ЗГ-ыг "ороож" эхэлсэн байдаг.
8. МАНАН С.Дэмбэрэл гишүүнийг дүү Тордайн Ганболдоор нь "барьжээ"
"...С.Дэмбэрэл гишүүн яг санал хураах үеэр гэнэт алга болж, байнгын хорооны хуралдаанаар санал хураахад бид цөөнх болсон юм. Хожим С.Дэмбэрэл "Манай хамаатны дүүг шоронд хийчихээд саяхан гаргасан юм. Давхар дээлийн хуулийг дэмжихгүй бол дүүг чинь дахин шоронд хийнэ шүү гээд байхаар нь яаж ч чадсангүй" гэж үнэн хэлсэн. С.Дэмбэрэл гишүүний дүү гэдэг нь "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд байсан юм билээ..." гэж бичжээ. Хэнийг юугаар нь барьцаалахаа эрх мэдэлтнүүд андахгүй аж.
9. Монгол сүйрэхэд компанийн захирал "баярлав"
"...Ямар сайндаа намайг огцорсны дараа "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал Сэм Волш "Монгол Улсын Засгийн Газар огцорсонд баяртай байгаа" тухайгаа мэдэгдэж байв вэ..." гэв. Үнэхээр Н.Алтанхуягийн ЗГ Дубайн гэх гэрээг ацаглаад байсан хэрэг үү. Тийм ээ түүнийг түлхэн унагаад оронд нь Ч.Сайханбилэгийн "залж" хүссэн гэрээгээ зурсан байдаг.
10. "Ц.Элбэгдоржийн хаашаа дохино тийшээ хөдөлдөг Үүл маань даалгавар авсан"
Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах гэж хаваржин, зунжин, намаржин л ноцолдсон нь үнэн. Гэхдээ засаг унагах ажлыг эрчимжүүлсэн нь үйл явдал нь АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ ба түүний хавсралт. Э.Бат-Үүл баатар мэдэгдэл хийгээд л огцруулах ажлыг АН дотор шулуудуулсан юм.
Энэ талаар "...Э.Бат-Үүл маань гэнэт мэдсэн юм шиг цочин гарч ирээд эсэргүүцэж эхлэв. Ямар гэрээ хэзээ зурагдахыг мэдэж байсан атлаа гэнэтхэн эсэргүүцсэн нь Ц.Элбэгдоржийн хаашаа дохино тийшээ хөдөлдөг Үүл маань даалгавар авсан хэрэг..." гэжээ. Мөн "...Хуурамч бичгийг МАН-ын ХМОНХА-ны дарга Н.Дэмбэрэл гэгч үйлдэж, олон нийтэд тараасан болохыг сүүлд тагнуулын байгууллага шалгаж тогтоосон..." хэмээжээ. Энэ хүн бол саяхан МҮОНТВ-ын захирлаар очоод буцдаг Н.Дэмбэрэл билээ. Үнэн бол "Үүл" баатар муухай л юм.
11. Шинэчлэлийн ЗГ-ыг унагахад З.Энхболд "том" үүрэг гүйцэтгэжээ
Энэ талаар Н.Алтанхуяг номондоо "...2019 оны нэгдүгээр сарын 17-ны УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод хандан "З.Энхболд та хоёр намайг гуйсаар байгаад Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагаах бичигт үсэг зуруулаа биз дээ" хэмээн үнэнийг хэлж байлаа..." гэжээ. Үнэн бол З.Энхболд энэ үйлдлээрээ л АН-ыг өнөөдрийн шороо руу түлхсэн хэрэг. Гэхдээ энэ үгийг хэлсэн хүн нь бас л барьцгүй гар л даа.
12. Дахиад л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
"...Ерөнхий сайдаасаа огцроод, долоо хоноогүй байгаа АН-ын дарга Н.Алтанхуяг намайг Ерөнхийлөгч маань дахин дуудлаа. тэр энэ удаад "Н.Алтанхуяг аа, чи намын даргын хувьд МАН-тай уулзаж Хамтарсан ЗГ байгуулах талаар ярилц" гэв. Миний гараар могой бариулах гэсэн түүнд олон таван үггүй "чадахгүй" гэдгээ хэлээд намын даргаа өгье гэлээ..." гэжээ. ЗГ-ыг огцруулаад, хамтарсан ЗГ руу Ц.Элбэгдорж түлхсэн болж таарах нь. Тийм бол Н.Алтанхуяг бас л муу байна. Үнэхээр л намын гишүүд нь дэмждэг юм бол өгөхгүй, нэгдэхгүй гээд тэмцэх байж. Амархан бууж өгч.
13. "Төмсөгдүүлсэн" С.Баярцогтод дарж байгаад сахил хүртээсэн нь
Шинэчлэлийн ЗГ унаад араас нь Ч.Сайханбилэгийн ЗГ гарч ирсэн. Тэгвэл тэр дунд сайд болсон С.Баярцогтын талаар Н.Алтанхуяг гуай бас нэгэн сонин зүйлийг бичиж үлдээжээ. "...С.Баярцогтыг Ц.Элбэгдорж болон гаднынхан "төмсөгдсөн" байна гэж оношилж байсан юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн "дохио зангаа" байгаагүй бол, МАНАН бүлэглэлийн гарт "хууль хяналтын байгууллага" ороогүй байсан бол С.Баярцогт өөрөө ч зөвшөөрөхгүй тийм томилгоонд орсон юм..." гэж өгүүлжээ. Үнэн бол "төмсөгдүүлсэн" С.Баярцогтод дарж байгаад сахил хүртээчихсэн бололтой. Энэ ёстой өөрөө л тайлбарладаг байх. Ямар ч байсан сонирхолтой л юм.
14. "Эрдэнэт"-ийн 49 дээрх М.Энхсайхан, Ч.Сайханбилэг хоёрын "өөр" арга барил
"М.Энхсайхан "...Энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна. УИХ-д танилцуулна гэдэг нь Ерөнхийлөгч, ҮАБЗ-д танилцуулагдах байх. Ер нь бол ар талаасаа асар их хардлага дагуулах аюул байгаа..." гэж ЗГ-ын хаалттай хуралдаанд хэлжээ. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "... Бид Монголдоо Эрдэнэтийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо УИХ нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо гэе.Зөв үү" гэхэд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч О.Орхон "зөв" хэмээн хариулжээ. Ингээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явъя" гээд хуралдааныг өндөрлөсөн байна..." гэж Эрдэнэтийн 49 хувийг авах ЗГ-ын хаалттай хуралдааныг Н.Алтанхуяг баримтад номондоо бичжээ. Манайхан гүнзгийрүүлж уншаад, бас хэрэг явдлуудыг учир зангилааг эргэцүүлж тунгаана биз.
15. "Үүл баатар"-ын догшин цамнаан АН-д тус биш ус болсон уу
2016 оны сонгуульд олонхын дүрээр эрх барьж байсан З.Энхболд тэргүүтэй АН-ынхан сонгуулийн хуулийг цэц "дүгнүүлж", улмаар УИХ дээр цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй хуучин системээрээ явсан бол МАН 65 суудал авч илүүрхэхгүй л байсан байх. Энэ талаар Н.Алтанхуяг хэлсэн ч, "Үүл баатар" цамнаад халгаагаагүй гэнэ. "...Э.Бат-Үүл "Алтанхуяг аа, чи нам юм уу. Би намын удирдлага сууж байна. Чи битгий галзуураад бай. Би энэ сонгуульд ам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүний нэг нь. Чи ямар хариуцаж байгаа биш хэмээн улалзаж "улаан хамгаалагч " нь болчихсон аархаж, аашилж байсан билээ..." гэжээ.
16. МАНАН бүлэг хүртэл өөрийн гэсэн "тарни"-тай гэнэ
Тэрбээр энэ талаараа "...Аливаа сонгууль, сунгаанд Н.Алтанхуяг л ялж болохгүй. Энэ бол МАНАН бүлэглэлийн "тарни" ..." хэмээн номондоо итгэлтэйгээр бичжээ.
17. Ч.Сайханбилэг: Дуугүй бай. З.Энхболд, Женко Х.Баттулга нарыг дагаж элдэв юм ярьж байгаад балрав аа, амаа мэдээрэй
"Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Я.Батсуурийг АН-ын бүлгийн хурал дээр мэдээлэл өгсний маргааш нь дуудаж "Чи хэний эсрэг юу ярьж байгаагаа мэдэж байгаа биз. Дуугүй бай. З.Энхболд, Женко Х.Баттулга нарыг дагаж элдэв юм ярьж байгаад балрав аа, амаа мэдээрэй" хэмээн сүртэй үг хэж байсан гэдэг..."
18. Н.Алтанхуягийн амар заяаг ардчилсан Ерөнхийлөгч үнэхээр үзүүлээгүй бололтой
"...Ц.Элбэгдорж Ардын намын бүлгээр санаачилга гаргуулж миний ЗГ-ыг огцруулсан. 2014 оноос эхлээд "Чи намын даргын ажлаа өг" гэж шахдаг болсон. Би"Та юу ярьж байна. Би өнөөдөр намын даргын ажлаа өгчихөөд Ерөнхий сайдаараа үлдчихвэл Монголын төр засаг хямарна. Та мэдсээр байж ийм зүйл хийж үймүүлж яах нь вэ" гэж хэлдэг байлаа..." гэж дурсан бичиж. Дахиад л Ц.Элбэгдорж. Дахиад л... Эцсийн эцэст АН-ыг бас Ардчиллын засгийг сүйрүүлж тоглосон хүмүүс өнөөх ардчилагчид бүгдээрээ ажээ.
19. "Женкогийн АН Бодь таур дээрээ, Эрдэнийн АН Шонхор таур дээрээ, үлдсэн АН гудамжинд байна"
АН-ын байрны хэрүүл өнөөдөр ч үргэлжилж байгаа. Саяхан сайд асан Х.Тэмүүжин "Женкогийн АН Бодь таур дээрээ Эрдэнийн АН Шонхор таур дээрээ, үлдсэн АН гудамжинд байна" гэж жиргэсэн байна лээ. Урдаа хэрүүлтэй намыг ч хэлэх үү, тэр байрных нь хэрүүл бараг 100 жил ч үргэлжилж мэднэ. Тэгвэл энэ талаар Н.Алтанхуяг гишүүн маш сонирхолтой баримт хэлжээ. Тэрбээр "...Бэлнээр дансанд орсон 7 тэрбум төгрөгөөс Ц.Элбэгдоржийн хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, орон нутгийн сонгуулийн зээл, зээлийн хүү гээд гурав орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар банканд суутгуулж, дөрөв орчим тэрбум төгрөг орж ирснээс намайг намын даргын ажлыг өгөхөд 2.1 орчим тэрбум төгрөгийг АН-ын дарга болсон З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт үлдээж өгсөн гэдэг..." гэв.
АН-ын гишүүд ч байтугай, АН-ын удирдлагууд нь өөрсдөө ойлгохгүй авцаа өгцөө. Яахаараа, намд хамааралгүй болчихсон хүний 2 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгийг олон нийт "Сахал" Б.Эрдэнэбилэгийн гэгддэг Улаанбаатар хотын банкнаас зээлээд авчихсан байдаг юм. Тэгээд ямар аргаараа бодохоороо үлдсэн 4 тэрбумыг нь яг хүлээлгэж өгөхөд 2.1 тэрбум болгочихдог юм бүү мэд. Хөл толгойгүй бантан юм даа.
20. Ардчилсан намын гишүүн Норовын Алтанхуяг
"...Та намаасаа хасагдаагүй. АН-ын гишүүн хэвээрээ байгаа, буруу зөрүү юм болжээ" гээд намаас хассан гэснийг хүчингүй болгосон бичиг авч ирж өгсөн нь надад бий..." гэжээ. Түүний энэ өгүүлбэр давхар давхар санаа илэрхийлээд ч байгаа юм шиг. Үгэн дотор үг, үхэр дотор гива гэдэг дээ. Ерөнхийлөгчийн сонгууль ч ойртлоо. Нам бүр намын гишүүнээ л нэр дэвшүүлэх байх даа.
Г.Лхагваа