АНУ-ын Лос Анжелес хотод болж өнгөрсөн 63 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос Казахстан улсын иргэн, 20 настай DJ залуу шагнал хүртсэн нь Төв Азийн орнуудаас анхны тохиолдол болжээ. Казахстаны хойд бүсийн Павлодар мужид амьдардаг Иманбек Зейкенов “best remixed recording” шагналыг рэппер Saint Jhn-ий “Roses” дууны найруулгаараа хүртсэн байна.
Зейкенов “Хөгжимчин хүн бүрийн дээд хүсэл Грэммийн шагнал байдаг. Бид чадлаа!” гэж Instagram хуудсандаа бичжээ.
Дунд сургуулиа төгсөөд Зейкенов төмөр замчин болж, одоо Казахстаны төмөр замд ажилладаг байна. Түүний “Roses” бүтээл нь YouTube сүлжээнд маш их алдаршиж, АНУ-ын Биллбордын Hot 100 жагсаалтын тавдугаарт бичигдэж байв. Энэ амжилтынхаа дараа Зейкенов Оросын Effective Records-той хамтран ажиллаж, Saint Jhn-ий зөвшөөрлөөр албан ёсны сингл гаргахаар болсон байна.