Улаанбаатар хотод “COVID-19” халдварын 36 голомт идэвхтэй байгааг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
Өчигдөр шинээр коронавирусээр халдварласан хоёр тохиолдол СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг хүмүүс байна.
Төрийн ордны үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Тухайн хүнтэй холбоотой 80 хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор халдвар батлагдаагүй аж. Тархвар судлаачид ажигласны үндсэн дээр тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлажээ.
Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт “COVID-19” халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт халдвар илэрсэн үед эмнэлгээс шалтгаалах халдварын баг түргэн шуурхай ажиллаж тухайн голомтыг халдваргүйтгэх, шинээр батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тэдгээрийн тусгаарлалтйг хийх зэрэг зохион байгуулжээ. Одоогоор Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хэвийн ажиллаж байгаа юм.